Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайдыг албан ёсоор үүрэгт ажилдаа орсонд нь баяр хүргэж, амжилт хүсэв.
Ирэх онд Монгол, Швейцар хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байгааг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэмдэглээд, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг эдийн засаг, банк, санхүү, цахим шилжилт, уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүч, гамшгийн менежмент, хүмүүнлэгийн тусламж зэрэг чиглэлээр бэхжүүлж, өндөр дээд хэмжээний айлчлалыг дэмжихийн ач холбогдлыг цохон тэмдэглэв. Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгээр Монгол Улсад 200 гаруй сая шв.франкийн өртөг бүхий олон чухал төсөл, хөтөлбөр хэрэгжиж, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсныг Монгол Улсын Ерөнхийлөгч онцоллоо. Шинээр томилогдсон Элчин сайд Юрг Бурри хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
Элчин сайд Юрг Бурри 1965 онд Швейцарын Тун хотод төрсөн. Бернийн их сургуулийг орчин цагийн түүх, улс төрийн шинжлэх ухааны мэргэжлээр төгсч, 1996 онд Швейцарын Гадаад хэргийн яаманд ажиллахаасаа өмнө богино хугацаанд сэтгүүлчээр ажилласан. Тэрээр Берн дэх төв байранд НҮБ-ын хэлтэст дипломат албаны дадлагаа дүүргэж, Нью-Йорк дахь НҮБ-ын дэргэдэх Швейцарын Дипломат төлөөлөгчийн газар ажиллаж байсан.
Тэрээр 1998-2002 онд Швейцарын Холбооны Улсыг НҮБ-д элсүүлэх бэлтгэлийг хангах асуудлаар Берн дэх НҮБ-ын хэлтэст ажиллаж байв. Улмаар 2006 он хүртэл Бельгийн Брюссель хотноо Швейцарын Холбооны Улсаас Европын Холбооны дэргэд суух ДипломатТөлөөлөгчийн газрын Шинжлэх ухаан, боловсрол, сансар судлалын асуудал хариуцсан зөвлөхөөр томилогдсон бөгөөд 2014-2018 онд Берн хотноо Гадаад харилцааны яамны Консулын газрын Ерөнхий захирлаар ажиллаж байлаа. 2018 онд Швейцарын Холбооны Улсаас Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдон Варшав хотноо 2022 он хүртэл ажилласан. 2022 оны есдүгээр сараас Бээжин хотноо Швейцарын Холбооны Улсаас БНХАУ, Монгол Улс, БНАСАУ-д суух Элчин сайдаар томилогдон, ажиллаж байна.