Стратеги
Швейцар, Монгол хоёр орны дипломат харилцаа 1964 оноос эхэлсэн түүхтэй. Тэр цагаас хойш Монгол Улс нь улс төр, нийгэм, эдийн засгийн шилжилтийг туулж, эдгээр чиглэлд томоохон өөрчлөлтүүдийг хийгээд байна. 1990 оны ардчилсан хувьсгалын дараа сонгосон олон намын ардчилсан тогтолцоо нь өнөөг хүртэл харьцангуй тогтвортой болох нь нотлогдлоо.
Мөн чөлөөт зах зээлиййн эдийн засагт шилжсэн, уул уурхай эрчимтэй хөгжсөн нь төдийлөн тэнцвэртэй, тогтвортой байж чадахгүй байгаа ч урьд хожид байгаагүй эдийн засгийн өсөлт, төсвийн орлогыг бий болгосон юм. Ийнхүү Монгол Улс ололт амжилтаа улам бататган хөгжүүлж, урт хугацаанд тогтвортой байдлаа хадгалахыг эрмэлзэж байна.
Сүүлийн жилүүдэд хөгжлийн нааштай үр дүн гарч байгаа ч Монгол Улсын өмнө томоохон сорилт, бэрхшээлүүд тулгарсаарж байна. Үүнд хотжилт ихээхэн эрчимжиж, ажлын байрны хомсдол үүсч, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөө нэмэгдэх болсон, мөн тогтворгүй, тэнцвэргүй эдийн засаг зэргийг дурдаж болно.
Харин эрдэс баялгийн нөөцөө зөв зохистой, үр дүнтэй ашиглаж чадвал дэд бүтцээ шинэчлэх, төрөөс иргэдэд үзүүлэх суурь үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, хотжилтоос үүдэлтэй тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг бууруулах зэрэг бодлого хэрэгжүүлэх боломжууд бий болох юм.
Байгалийн баялгийн орлогыг ил тод удирдлагаар хангах чиглэлд сайн засаглалыг дэмжиж, улс төрийн хүрээний орчин нөхцлийг сайжруулах нь урт хугацааны тогтвортой байдлыг хангахад шийдвэрлэх хүчин зүйл мөн.
Ийнхүү эрчимтэй өөрчлөлт, шинэчлэлт хийх улс төрийн хүсэл зоригтоо тулгуурлан бэрхшээл сорилтыг даван туулахыг зорьж буй Монгол Улсын хүчин чармайлтыг Швейцар Улс тууштай дэмжиж, өнгөрсөн 10 гаруй жилд хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийнхөө үр дүн, тэргүүн туршлагыг бататгахаар 2018 - 2021 онуудад хэрэгжүүлэх Хамтын ажиллагааны стратегиа боловсрууллаа.
2018-2021 оны Швейцарын Хамтын ажиллагааны стратегийн эрхэм зорилгоо Монгол Улсын иргэн бүрт хүртээмжтэй, тэдний эрх тэгш байдлыг хангасан, ногоон, хөгжингүй нийгмийг иргэд, байгууллагууд хамтран байгуулахад хувь нэмрээ оруулах явдал юм хэмээн тодорхойлов.
Энэхүү Хамтын ажиллагааны стратегийн хүрээнд:
- Хөдөө аж ахуй ба хүнсний аюулгүй байдал,
- Мэргэжлийн боловсрол, сургалт,
- Засаглал гэсэн үндсэн чиглэлд төвлөрч ажиллана.
Энэ зорилгод хүрэхийн тулд Хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдлын чиглэлээр хөдөөгийн болон хотын захын гэр хорооллын өрхийн аж ахуй эрхэлж буй тариаланчид, малчдын эмзэг бүлгийн амьжиргааг дээшлүүлэх, Суурь боловсрол, мэргэжлийн сургалтын чиглэлээр иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, Засаглалын чиглэлээр төр засаг, орон нутгийн засаг захиргааны хариуцлагатай, үр нөлөөтэй байдлыг хөхиүлэн дэмжиж, иргэний нийгмийг бэхжүүлэх зорилт тавьж ажиллана. Уг стратегид нийцүүлэн ШХА-ийн бүхий л төсөл хөтөлбөрт жендэрийн тэгш байдал, засаглалын уялдааг хангаж ажиллана.
Мөн энэ стратеги нь ихээхэн өөрчлөгдөж буй өнөөгийн хөгжлийн нөхцлийг харгалзан үзсэн бөгөөд түүнтэй уялдуулан хөтөлбөр, төсөл хэрэгжүүлэх арга хэлбэрийг оновчтой шийдэж, Швейцар, Монголын цаашдын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах үндэс суурийг тавьж өгөх юм.
Тогтвортой байдал, институцжүүлэлтийг хангахын тулд ШХА-аас үндэсний хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдтэй нягт уялдуулан, төр засаг, иргэний нийгмийн салбарын түншүүдийнхээ чадавхыг бэхжүүлэх, бодлогын яриа хэлэлцээг өрнүүлэх, төр засгийн байгууллагуудын хамтын санхүүжилтийг нэмэгдүүлэх зэрэгт голлон анхаарна.
2021 оноос цааших ШХА-ийн Монгол дахь хөтөлбөрийн хамтын ажиллагааны арга хэлбэрийг техникийн туслалцаа, мэдлэг түгээх зэрэгт илүүтэй чиглүүлнэ. Түүнчлэн ШХА-аас гурван талт хамтын ажиллагааны төслүүдээр дамжуулан хувийн хэвшилтэй хамтран ажиллах, ШХА-ийн Дэлхийн нийтийн хөтөлбөрүүдийн туршлага, ноу-хауг авч ашиглах боломжийг эрэлхийлнэ.
Энэ хугацаанд хөтөлбөрийн нийт төсөв 51.5 сая шв.франк байхаар төлөвлөж байна. Жилийн төсвийн хэмжээ 2018 онд 13.5 сая шв.франк байх бол 2021 онд 12 сая шв.франк болж буурах юм.
Стратегийг дараах линкээс орж татаж авна уу.