Гарын үсэг зурах ёслолын ажиллагаа нь Монгол Улсад хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх чухал санаачлагын эхлэл болсон юм.
Уг арга хэмжээний ач холбогдлыг илэрхийлж, нэр хүндтэй олон хүмүүс уг арга хэмжээнд оролцов. Тухайлбал, Швейцарын Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн гишүүн, Гадаад харилцааны хорооны ерөнхийлөгч Лаурент Вейрли, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Солонго, Өлзийсайхан нар, Швейцарын Холбооны Улсаас Монгол Улсыг хавсран суух Элчин сайд Юрг Бурри; ШХА-ийг төлөөлж Элчин сайд Арно Вики болон ШХА-ийн дарга Стефани Бурри нар оролцов.
Элчин сайд Вики энэ төслийн ач холбогдлыг онцлон тэмдэглэхдээ: "Энэхүү төсөл нь ардчилсан засаглалыг бэхжүүлэх, хүний эрхийг хамгаалах чиглэлээр бид нийтлэг зорилтын хүрээнд тууштай хүчин чармайлт гаргаж буйн илэрхийлэл юм. Энэхүү хамтын ажиллагаагаар бид Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийг хууль дээдлэх ёсыг сахин хамгаалж, бүх иргэдийнхээ эрхийг хамгаалах үүргээ үр дүнтэй хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг зорьж байна” гэв.
Монгол Улсын Их Хурлаар Үндсэн хуулийн цэцийн шинэтгэлийн асуудлыг хэлэлцэж байгаа талаар Үндсэн хуулийн цэцийн төлөөлөгч онцлон дурдав. Үндсэн хуулийн Цэцийн гишүүн хэлсэн үгэндээ "Шинэтгэлийн энэ чухал үед энэхүү төсөл хэрэгжиж байгаад баяртай байна. Энэ ажлын үр дүн нь Монгол Улсын Үндсэн хуулийн хэрэгжилтийг сайжруулах, хэрэгжилтэд хяналт тавих чадавхийг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр болно" гэж онцоллоо.
“Үндсэн хуулийн цэцийн шинэтгэл ба Ардчилал, хүний эрх” төсөл нь хоёр жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд томоохон зорилтыг дэвшүүлсэн билээ. Энэхүү төслийн хүрээнд Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийг үр дүнтэй сахин хэрэгжүүлэх, хүний эрхийг хамгаалах механизмыг боловсронгуй болгох, иргэдийн үндсэн эрх чөлөөг хангахад чиглэсэн эрх зүйн шинэчлэлийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх болно. Төслийн үндсэн бүрэлдэхүүн хэсэг нь олон нийтийн мэдлэг, боловсролыг сайжруулах юм. Үндсэн хууль, хүний эрх, Үндсэн хуулийн цэцийн хэрэгжүүүлэх чиг үүргийн талаарх мэдлэг мэдээллийг сурталчилан таниулах ажлыг зохион байгуулна.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтын ажиллагаа нь шударга, ардчилсан нийгмийг бий болгоход чухал ач холбогдолтой юм. Энэхүү төсөл нь хууль дээдлэх ёсыг бэхжүүлж, хүний эрхийг хамгаалах замаар илүү шударга, ил тод засаглалын тогтолцоог бий болгоход дэмжлэг туслалцаа үзүүлнэ. Монгол Улс ардчилсан замналаа үргэлжлүүлэх явцдаа үндсэн хуулийн тогтолцоогоо бат бөх, үр дүнтэй байлгахад ийм санаачилга зайлшгүй шаардлагатай юм.