Хүмүүсийн нөхөрлөл нь бүс нутгийн энх тайван байдлыг бэхжүүлнэ


Diese Seite ist nicht auf Deutsch übersetzt. Bitte wählen Sie Ihre bevorzugte Sprache aus:

Local news, 02.11.2023

Швейцарын хөгжлийн агентлаг болон Бундан ТББ-ын (www.bundan.org) хамтран хэрэгжүүлсэн “Бүс нутгийн зүрхний үзлэг, мэс засал” төслийн ачаар эдгээр Киргиз хүүхдүүдэд мэс засал хийх боломжтой болсон юм.

Б. Болдсайхан эмч ШХА-ийн дарга Стефани Бурригийн хамт
Б. Болдсайхан эмч ШХА-ийн дарга Стефани Бурригийн хамт ©SDC

Энэхүү төслийн хүрээнд Киргиз, Монгол, мөн ойрын хугацаанд Умард Солонгос, Афганистаны төрөлхийн зүрхний гажигтай хүүхдүүдийг үзлэгт хамруулж, эрүүл мэндийн байдал хүндэрсэн тохиолдолд мэс засал хийх зэрэг амь насыг нь аврах эмчилгээ, үйлчилгээ хийж байна.

Киргиз, Умард Солонгос, Афганистан болон бүс нутгийн бусад орнуудад шаардлагатай мэдлэг, чадавхи байхгүй байгаа учраас зүрхний хүнд хэлбэрийн гажгийг мэс заслын аргаар эмчлэх нь бараг боломжгүй байгааг бид дурдах ёстой. Харин Монгол Улсын хувьд 60 гаруй жил энэ төрлийн мэс засал хийж ирсэн туршлагатай, мэс заслын үр дүн амжилттай байдаг цөөн орны нэг юм. Киргизстан, Умард Солонгос болон бүс нутгийн бусад олон орны төр засаг, эмнэлэг, иргэний нийгмийн байгууллагууд зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд зүрхний нээлттэй мэс засал хийлгэх хүсэлтийг олон жилийн өмнөөс Монголын хүүхдийн мэс заслын багийнханд тавьсаар ирсэн байна. Зорилтот орнуудад төрөлхийн зүрхний гажигтай хүүхдүүдийн хүлээлгийн урт жагсаалт байдаг ба жишээ нь зөвхөн Афганистанд л гэхэд 8000 гаруй хүүхэд хагалгаанд орохоор хүлээлгийн жагсаалтад байна.

Геополитикийн олон хурцадмал байдал, дайн хямралаас үүдэн бий болж буй тодорхой бус цаг үед ард түмэн, улс орнуудын найрамдал нь бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чухал үүрэгтэй гэдэгт ШХА итгэлтэй байдаг. Нэг талаараа энэ төслийг хүнд өвчтэй хүүхдүүдийн төлөө эрүүл мэндийн, хүмүүнлэгийн тусламжийн санаачилга гэж ойлгож болно. Харин нөгөө талаасаа энэ төсөл нь бүс нутгийн эв нэгдэл, ард түмэн, улс орнуудын найрамдлын илэрхийлэл юм.

Төслийг зүрх судасны эмч Бундангийн Болдсайхан удирдан ажилладаг байна. Тэрээр орон нутгийн зүрх судасны эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг хаана ч ажиллаж чадавхыг нь нэмэгдүүлэн өөрсдийн эрхэм зорилгын салшгүй хэсэг болгон ажилладаг, үргэлж бэлэн байдаг, гайхалтай, тууштай хамт олонтойгоо ажилладаг. Саяхан Киргизээс ирсэн хоёр хүүхдийг эмчилж байгаатай нь танилцсан билээ. Тэдгээр хүүхдүүдийн Монголд хийлгэсэн зүрхний нээлттэй хагалгаа амжилттай болсон бөгөөд энэ нь энэхүү хамтын ажиллагааны шинэ аяллын эхлэлийг тавьсан юм.

Швейцарын хөгжлйин агентлаг (ШХА) “Бундан” ТББ-тай хамтран “Зүрх мартахгүй” санаачлагыг хэрэгжүүлж байна

Бүс нутгийн түвшид хэрэгжиж буй энэ шинэ санаачилга нь өмнө нь хэрэгжсэн хоёр жижиг хамтын ажиллагаатай холбоотой юм. ШХА 2022-2023 онд “Бундан” ТББ-д 40,000 шв.франкийн дэмжлэг үзүүлсэн юм. Энэ санхүүжилтээр “Бундан” ТББ нь Монгол Улсын нийт 21 аймгаас 15 аймгаар явж, 1,460 гаруй хүүхэд, 1,435 насанд хүрэгчид, нийт 2,900 гаруй хүнд зүрх судасны үзлэг оношилгоо хийжээ. Энэ хооронд 277 хүүхдэд зүрхний хагалгааг амжилттай хийж, хүүхдүүд болон тэдний эцэг эх, ах, эгч дүү нарт нь аз жаргал бэлэглэсэн байна.

Цаатан иргэдэд хүрч ажиллалаа

Бүс нутгийн зүрхний үзлэг, мэс заслын төслийн хүрээнд Монголын зүрх судасны эмч нарын баг энэ оны аравдугаар сард эх орныхоо хойд хязгаар болох Тайгад очиж ажилласан билээ. 6 өдрийн хугацаанд “Бундан” ТББ-ынхан 2450 км замыг туулсан. ШХА-ийн баг эмч нартай нэгдэж, Улаанбаатар хотоос алс хол тус багийнхны хийж буй гайхалтай ажлын гэрч болсон юм. Энэ удаагийн томилолтоор “Бундан” ТББ-ын эмч нар 390 гаруй хүүхэд, насанд хүрэгчдэд үзлэг оношилгоо хийжээ. Зүрхний хагалгаанд орох шаардлагатай гэж 23 хүүхэд оношлогдсоноос эрүүл мэндийн байдал нь аюултай байна гэж үзсэн 3 хүүхдийг Улаанбаатар хотод авчирч, хагалгааг амжилттай хийгээд байна.

Цаатан ардын нутагт хийсэн үзлэг оношлогоо нь хамгийн хэрэгтэй, шаардлагатай үзлэг болсон болов уу. Монголын хойд хязгаар болох Тайгад амьдардаг 400 орчим цаатан буюу цаа буга маллаж амьдардаг нүүдэлчдийн тухай бид ярьж байна. Энэхүү угсаатны цөөнхи бүлэг нь ихэвчлэн хүчтэй ширүүн салхинаас хол нөмөрт байх зорилгоор 1800 м-ээс дээш өндөрт ойн гүнд суурьшдаг байна. Өвөлжөөний цагаар цаатангууд нэг газар хамгийн уртдаа нэг сар байх бөгөөд дараа нь цаа бугадаа илүү сайн бэлчээр хайж, ялангуяа ойр хавьд нь чоно байгаа үед өөр газар руу нүүдэллэдэг байна.

“Бундан” ТББ-ын зүрх судасны эмч нар ШХА багийн хамтаар Цаатан нүүдэлчдийн өвөлжөөнд очсон юм. Маш их хэрэгцээ шаардлагатай байсан зүрхний үзлэг оношилгоог тэнд хийсэн. Цаа буга маллан аж төрдөг цаатан иргэд нийслэл хот байтугай бусад суурин газар, аймгийн төвд очиж эрүүл мэндийн үзлэгт хамрагдах нь маш хүндрэлтэй байдаг талаар Б.Болдсайхан эмч бидэнд тайлбарлав. Б.Болдсайхан эмч багийнхаа хамт тэдэнд маш их хэрэгтэй үйлчилгээ болох эрүүл мэндийн үзлэгт хамруулахаар тэдэн дээр очиж ажиллав. Тэдний энэ үргэлж хичээнгүйлэн зүтгэж, “хүүхдийн төлөө” сэтгэл зүрхээ зориулж байгаад нь ШХА-ийн хамт олон бахархан талархаж, баяр хүргэж байгаагаа илэрхийлье!

Дэлгэрэнгүйг Бундан ТББ-хуудаснаас аваарай.